Алтны салбар дахь түүхэн амжилтын дараах таагүй мэдээ

Алтны салбар дахь түүхэн амжилтын дараах таагүй мэдээ

 

Монголбанк өнгөрсөн онд нийт 22 тонн алт худалдан авсан түүхэн амжилт тогтоолоо. Тэгвэл эрх баригч намын хагарлаас үүдэлтэйгээр дээрх амжилт ирэх онд хадгалагдах эсэх нь эргэлзээ дагуулж байна. 2010 онд гэнэтийн ашгийн татварыг хүчингүй болгож, оронд нь өсөн нэмэгдэх татварыг бий болгосон билээ. Мөн ашигт малтмалын тухай хуульд 2014 онд нэмэлт өөрчлөлт оруулж алтны нөөц ашигласны төлбөр таван хувь байсныг 2,5 хувь болгон бууруулан, өсөн нэмэгдэх татварыг тэг болгосноор алт тушаалт огцом нэмэгдэж эхэлсэн. Тодруулбал, УИХ-ын 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан “Монголбанк, арилжааны банкинд худалдсан биет болон биет бус алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү” гэсэн заалтын ачаар дээрх үр дүн гарсан юм. Харин энэ хүү заалт  2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөр буюу өчигдрөөр дуусгавар болов. Парламент гацаанд орсон учраас хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж чадсангүй.

Өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ашигт малтмалын тухай хуулиар зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлөхөөр зохицуулагдсан.

Энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй хоршоо, нөхөрлөл, тэдгээрээс ашигт малтмал худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхгүй, холбогдох байгууллагуудад тайлан, мэдээ өгөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна.

Мөн Үүнтэй холбоотойгоор алт олборлогч болон алт худалдан авагч хуулийн этгээдүүд алтыг хууль бусаар хил давуулан худалдах, олборлосон алтаа нуух, хадгалах, татвараас зайлсхийх зорилгоор арилжааны банкинд тодорхой бус хугацаагаар барьцаалах зэрэг шударга бус, далд үйл ажиллагаа гарах хандлага ажиглагдаж байна.

Иймд тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй хоршоо, нөхөрлөл, тэдгээрээс ашигт малтмал худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ Монголбанкинд тушааж буй алтны хэмжээг бууруулахгүй, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, улмаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх, татварын суурийг өргөжүүлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна. Гэвч хуулийг өнгөрсөн онд амжиж баталж чадсангүй. Ингэснээр алтны татвар төлдөг компаниуд  5 хувиар татвар төлөх үү гэдэг нь тодорхой бус болж байгаа юм. Татвар төлөх эрх зүйн үндэслэлгүй болж байгаагаас алтны компаниуд алтаа тушаах эсэх нь ч эргэлзээ дагуулж байна. Хохирол нь хувийн хэвшил, ард түмний нуруун дээр очих асуудлыг хэлэлцэхгүй бол эрсдэл үүсэх бодитой нөхцөл байдал үүсгэсэн гэдгийг эрх гишүүд бойкот хийгчдэд сануулах хэрэгтэй биз.
 
П.ГОО

Оллоо.мн