"ҮАБЗ улс орны асуудлыг шийдэх юм бол УИХ тарсан нь дээр"

 

 

Ардчилсан нам /АН/ цаг үеийн асуудлаар  өнөөдөр /2021.07.01/ байр сууриа илэрхийллээ.


АН-ын Ерөнхий  нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:

-УИХ төрийн эрх барих дээд байгууллага учраас Засгийн газарт хариуцлага тооцох эрх нь бий. Өмнө нь УИХ-ын байнгын хороо ажлаа хийхгүй байгаа гишүүдийг дуудаж авчраад хариуцлага тооцдог байсан.  Уг нь Монгол Улс  парламентын засаглалтай улс. 

Гэтэл УИХ, Засгийн газарт хариуцлага тооцож чадахгүй болохоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн /ҮАБЗ/ гурван дарга Засгийн газрын ажлыг хийгээд сууж байна.Үнэхээр гуравхан дарга Монгол Улсын асуудлыг шийдэх юм бол УИХ тарсан нь дээр.

Засгийн газар ердийн байдлаар ажиллаж чадахгүй болсон тохиолдолд ҮАБЗ хуралддаг хуультай.Үүнээс харахад Засгийн газар ажлаа хийх чадамжгүй  болсон учраас ҮАБЗ асуудлыг шийдэж байна гэж ойлголоо. Засгийн газрыг чадамжтай байлгахын тулд хариуцлага тооцох,  чаддаг хүмүүсээр нь ажил хийлгэх эрх нь УИХ-д бий. Энэ ажлаа УИХ хийх ёстой. Түүнээс биш чуулганы танхимд  гомдол тавьдаг  сайд нартаа дээрэлхүүлдэг байж болохгүй.

Хоёрдугаарт удахгүй батлагдах Өршөөлийн хуулиар Зөрчлийн хэргийн 73 тэрбум төгрөгийг өршөөнө.  Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхий сайд буюу Засгийн газрын тэргүүн хуулийн биелэлтийг УИХ нь хариуцдаг. Тэгэхээр зэрэг  Зөрчлийн хууль нь хэрэгждэггүй. Засгийн газар хуулиа хэрэгжүүлж чаддаггүй юм байна.  Ерөнхий сайд үндсэн ажлаа хийж чадахгүй байна. Ийм Засгийн газар байх шаардлагатай юм уу. Үүнээс Зөрчлийн хуулийн маш том алдаа харагдана.  Улсын  төсвийн мөнгийг бүрдүүлэхийн тулд маш олон иргэдээ үндэслэлгүй торгодог. Монголд хууль зүйн ямар ч  бодлого алга. Өнөөдөр оновчтой хууль зүйн бодлоготой байсан бол Зөрчлийн хуулиар энэ олон ААН, иргэдээ торгох байсан уу.

Аль ч талаас нь харсан өнөөдрийн Засгийн газар ажлаа хийж чадахгүй байна. Баталсан хуулиа хэрэгжүүлдэг механизм алга.

Шударгаар торгуулиа төлсөн иргэд Өршөөлийн хуульд бухимдаж байна. Өмнө нь АН “Энэ  засгийн газар хууль зүйн бодлого ярьдаг биш гэмт хэрэг ярьдаг Засгийн газар болчихлоо” гэж мэдэгдэж байсан. УИХ-ын гишүүд мөрдөн байцаагч, прокурорын ажлыг хийдэг болсон. Бүгд булаацалдаад Эрүүгийн хэрэг яриад байсан болохоос хууль зүйн бодлогоо цэгцэлж чадаагүй. Үүнээс гадна Элчин сайдын томилгооны асуудал бас анхаарал татаж байна.

АН-ын нэрээр УИХ-д сонгогдож дараа нь АН-ыг  хагаралдаж, бутаргасан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдсэн хүмүүс өнөөдөр өндөр албан тушаалд очиж байна. Ж.Батзандан  Австралийн элчин сайдын зөвлөхөөр томилогдсон бол  Л.Болд  Бельги улсад суух элчин сайд болох гэж байна. Энэ албан тушаалын цуваа  цаашаа үргэлжлэх янзтай. Эрх баригчидтай нийлж ар хударгаар намаа худалдсан хүмүүс албан тушаал аваад явах юм байна л даа.

Цаашдаа АН үнэт зүйлсээ худалддаг хүмүүстэй хатуу хариуцлага тооцно. Тэр нь УИХ-ын гишүүн байх эсэх нь хамаагүй. Тэгэхгүй бол дараа нь бид араас нь ингээд халаглаад суух юм байна” гэлээ.