Суварга хайрханы зэрлэг гахайнууд “эргэн иржээ”

 

 

 

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутгаар хонон өнжин сурвалжилга хийж явах зуур олон хүнтэй уулзаж, олон мэдээлэл солилцох нь аргагүй биз. Газрынхаа хүйсэнд нуусан алт эрдэнэсийн “буянд” гучин жил амьдарсан нутагтаа малаа бэлчээх нутаггүй, усаа уух булаггүй болтлоо гадуурхагдсан нутгийн иргэд “зүс буруу” машины бараа харангуут хаана ч байхгүй амдан тосож ирээд өнөө л үйлтэй Шийртийн хөндийг зааж, Шийртийн голыг харуулан нулимсаа залгин харуусахыг хараад өр өвдсөөн, ярих юмгүй их.

Ёстой л хэлтэй бол хэлээд хөлтэй бол босоод гүймээр их шаналж байгаа байхдаа гэж бодон туулж, дэмий хэдэн зураг даран, сурвалжилгадаа ингэж бичнэ дээ хэмээн өөрийгөө тайвшруулан явсан биднийг нэгэн гэрэлтэй мэдээлэл угтсан нь баруунтаа сүглийх Суварга хайрханы бэлд зэрлэг гахайн үржүүлгийн газар байв. Хориодхон жилийн өмнө энэ хайрханд  зэрлэг гахай нь сүрэглэн бэлчиж, сувдаг сэтгэлтэй хулгайн анчдын шүлсийг асгаруулсаар сүүлдээ ганц ч үгүй болон хоосорсон гашуун түүх өчигдөрт үлдэж.

Нутгийнхаа сайхан бүхнийн сэргээх гэсэн хэсэг залуусын ажил машид урагштай байж, гуравхан жилийн өмнө авчирч байсан 18 гахай нь одоо тоолохын аргагүй үржиж, хэдийнэ үржлийн хашаанаасаа хальж, өөрийн нутагтаа дасан зохицохоор уулын амьтад уулаа бараадаж, усны эх, ургамлын сайхныг хайн ойгооруугаа одох болсон гэнэ. Ингээд эрхэм уншигчиддаа Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт Суварга хайрханы баруун бэлд байх зэрлэг гахай үржүүлгийн газарт түр саатахыг урьж байна.

-Энэ уулын баруунтаа харагдаад байгаад тэр хөгрөлдсөн том хашаа юунд зориулж барьсан юм бол, ах аа?

-Аан тэр үү, анхаарлыг чинь татаад байгаа бол очиж үзэх юм уу?

-Юу байгаагаас болж очмоор байна...

-Сэтгүүлчээ, манай багт зэрлэг гахайн үржүүлгийн газар байдаг юм шүү дээ. Тэрийг чи харчихаад надаас асуугаад байна. За ингэж хэлбэл сонирхолыг чинь татахаар байна уу, айннн

-Сонирхолтой юм, ах завтай бол газарчилж өгөөч?

-Болно ш дээ, оройн саам болоогүй байна...

Багагүй өгсүүр хэдий ч гайгүй сайн засагдсан шороон замаар давхисаар бид зэрлэг гахайн үржүүлгийн газар давхиж очлоо... Барагцаалбал хоёр, гурван га орчим газарт хашаалсан байх бөгөөд хашааны гадна 12 торой дагуулсан эх гахай хррр хррр гэж дуугаран бидний бараанаар ой руу орохоор жирийчихэв. Жирх шиг өнгөтэй торойнууд нь эхийгээ дагаж чимээгүйхэн шогшиж, эх гахай ихэд хартай нь аргагүй байн, байн өлөлзсөөр ойн зах руу орсон ч тэгсгээд томхон бут, сөөгний араар орж нээх цаашлахгүй зогсчихов. Харин хашааны баруунаар тойрон эгц ард нь барьсан гэрийн хажууханд очиж зогсохтой зэрэгцэн гахай үржүүлгийн газарт ажилладаг бололтой нөхөр толгойгоогоо маажсаар бидний зүг алхав...

Сайн байна уу, та. Сайхан зусаж байна уу...

Сайн, сайхан зусч байна. Та нар сайн явж байна уу?

-Сайн, сайн. Энд зэрлэг гахай үржүүлж байгаа гэж сонсоод, үзэх гэж ирсэн юм...

-Хмм....хашаа руу орж болохгүй, гаднаас харцгаахгүй юу

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Өлзийт тээгийн баруун тагт орших Суварга хайрхан уул өмнө зэрлэг гахайн нутаг байжээ.  Даанч сүүлийн жилүүдэд хулгайн ангаас болж энэ сайхан хангайн нэгэн амьтан байхгүй болж, устаж эхэлсэн учир Өлзийт тээлийн уурхайн эзэн байгалийн нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд зэрлэг гахайн үржүүлгийн газар байгуулсан нь 2019 онд гэнэ. Уурхайн эзний хобби ч бас энэ зүгт гэнэ. Гэхдээ ан хийж амьтны амь таслахаас илүү зэрлэг амьтадыг байгальд нь харж, зөв зохистой ан хийдэг, ялангуяа спорт анг Монголд хөгжүүлэхийг хүсдэг нэгэн аж.

Гадаадын улс орнуудад маш өндөр үнэтэй, байгалийг сүйтгэх биш харин ч хөгжүүлэх, унаган төрхөөр нь авч үлдэх гэж мөн чиглэлд олон төсөл ажлыг хийдэг. Харин манай улсад ийм зүйл орхигдсон. Ан хийж байгаа анчид нь байгалиа хамгаалахгүй, хайрлахгүй зүгээр л хоббигоо дарах гэж амьтаны амь тасалдаг утга учиргүй байдал газар авах шинжтэй болж байгаад эмзэглэдэг. Тиймээс нэг ч гэсэн зүйлийг бусдад үлгэрлэж, ан хийх, ялангуяа байгальд нь ан хийхэд ямар соёл, уламжлал байдаг, байгаль хүний харилцаа, шүтэлцээ ямар байдаг.

Хамгийн гол нь энэ бүхэн өөрөө ямар том соёл уламжлал болохыг хүмүүст таниулах, дараагийн үедээ уламжлал болгоход миний, манай багийн санаачлан хэрэгжүүлж байгаа энэ төсөл эхний шат болж энэ чиглэлд хөгжих олон зүйлийн шан болоосой хэмээн хүсдэг юм билээ хэмээн өгүүлсэн үржүүлгийн газры ажилчин залуу “лоолой, лоолой” хэмээн хашгирахад хүмүүсийн бараанаар булан тохой, бутны араар орж алга болсон гахайнууд пирхийн гарч ирсэнээ эргээд тараад явчихав.

-Ингэхэд, зэрлэг гахайг нутагтшуулах гэж байна гээд хашаанд хориод тэжээж байна. Ингэхээр шууд биш утгаараа ч гэсэн тэжээвэр ангилалд орчих юм биш үү?

-Нутагшуулж байна гээд ой руу тавьчихаж болохгүй байгаа учир бид эхлээд үржүүлгийн газартаа байлгаж дасгаж байгаа юм. Анх нутагшуулахаар авчраад шууд ойд тавьж үзсэн. Даанч хулгайн анчдын гарт алдчихсан. Тиймээс нутагшиж амжихаас нь өмнө хядуулчихаж болохгүй биз дээ. Өмнө нь энэ Суварга хайрхан зэрлэг гахайтай байсан учир нутгийн болон хулгайн анчид ирж агнаад сурчихсан байсан болохоор ингэж хашаажуулж үржүүлж байж байгальд нь тавихаас өөр аргагүй байдал үүссэн юм.

 -Энэ гахайнуудыг хаанаас авчирсан бэ?

- 2019 онд Булган аймгийн Тэшиг-Өндөр, Хэнтийн Баян-Адарга сумаас зэрлэг гахай, бодон барьж авчран нутагшуулан ажлыг эхлүүлсэн. Анх 17,18 гахай авчирч байсан.

-Ганц нэг тэжээвэр гахай байх шиг байна?

-Байгаа, тэжээвэр гахай зэрлэг бодонтой эвцэлдүүлсэн. Ингэж ойруу орсон зэрлэг гахайнуудыг эргэж үржүүлгийн хашаандаа ирэх байдлыг бий болгосон гэсэн үг. Тэгэхгүй бол зэрлэг гахай эргэж ирдэггүй, тэр чигээрээ ойн гүн рүү явчихна. Тэр хэмжээгээр хулгайн анчдын гарт өртөнө. Тиймээс тэжээвэр гахай зориуд оруулж эвцэлдүүлж, төрүүлсэн. Тэжээвэр гахай хичнээн ойд гаргасан ч эргээд үржүүлгийн талбай руугаа ирнэ. Тиймээс бусад зэрлэг гахай түүнийг дагаад ирдэг.

-Тэжээвэр гахай, зэрлэг гахайн ялгаа хэр их байдаг вэ?

-Маш их. Зэрлэг гахай анх төрөхдөө зулзагууд нь яг жирх шиг үстэй төрдөг. Гэтэл тэжээвэр гахай ямар ч үсгүй, хулганын зулзага шиг төрдөг. Мөн зэрлэг гахай яаж ч байсан торойгоо идэхгүй. Харин тэжээвэр гахай махсаад ирэхээрээ торойгоо идчихдэг. Мөн тэжээвэр гахайг бордоно гэсэн ойлголт байхгүй. Тэжээвэр гахай өгөөд л байвал идээд л байдаг. Гэтэл зэрлэг гахай өгсөнөөр идэхгүй, өөрсдөө цадсан гэж үзсэн бол ямар сайхан хоол байсан ч идэхгүй, идэш багатай, бас их цэвэрхэн. Тэжээвэр гахай шиг үнэр танаргүй.

-Зэрлэг гахай хэр махсаг вэ?

-Тэжээвэр гахайг бодвол гайгүй. Голчлон самар, ургамлын үндэсээр хооллоно. Маш бага нөхцөлд махан хоол иднэ. Бид сард нэг яс чанасан шөл, дайвар бүтээгдэхүүн болгож өгнө. Түүхий махаар огт хооллохгүй байгаа.

-Хэзээ энэ гахайнуудаа байгальд нь тавих вэ?

-Аяндаа байгальдаа өөрсдөө гараад явчихна. Ямартай ч энэ сайхан ууландаа, хайрхандаа тасраад байсан нэг амьтанг нь бид нутагшуулж, эргэж авчирч байна. Энэ л хамгийн том ажил гэж бодож байгаа даа.

-Тэжээвэр гахайтай эвцэлдүүлсэн гэхээр бараг эрлийз болчихож байгаа юм бишүү?

-Үгүй л дээ, тэжээвэр хоёр л гахай байсан. Тэдний төлүүд энэ жилийн төлөөсөө цэвэр зэрлэг гахайнууд болж байгаа гэсэн үг. Зорилгоор авчирсан хоёр гахайнаас бусад нь цэвэр зэрлэг гахайнууд. Булган, Хэнтийгээс барьсан гахайнуудыг энд нутагшуулж байгаа юм.

Тэрбээр ийн өгүүлээд биднийг нь гахайнуудын цочоож, айлгахгүй үзэж болно гэчихээд эргэж алхсан. Харин түүнийг явсанаа дараа бид “лоолой, лоолой” гэж яаж ч дуудсан нэг ширхэг торой ч бидний зүг ирсэнгүй. Тэд үргэлж хамт байдаг эзнийхээ дуудлагаас өөр хэний ч дуудлагыг хүлээж авдаггүй, өөрсдийн гэсэн хатуу дүрэмтэй “ард түмэн” ажээ. Дашрамд дурдахад, спорт ан агнуурын сонирхолтой хүмүүст дуулгахад энэхүү үржүүлгийн газрын эздийн бас нэгэн хүсэл нь спорт ан агнуурыг хөгжүүлэх гэсэн. Тэр ч утгаараа өндөр үнэтэй зэрэглэл өндөр хоббигоо дарах гэж гадаадын улс орон руу явахгүйгээр өөрийн эх орондоо жинхэнэ байгальд натураль төрхөөрөө байгаа ан агнуурыг хийх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа энэ хамт олныг сонирхоод үзэхэд гэмгүй санагдсан. Хамгийн гол нь та бүхний сонирхол хоббины нөгөө талд малаас өөр орлогогүй малчдаас маань цөөхөн боловч хүмүүс бага гэхгүй цалинтай болчих юм байна даа гэсэн бодлын үндсэн дээр энэхүү мэдээллийг ийнхүү дур мэдэн хүргэж байгааг ойлгож хүлээж аваарай. Бүх зүйл хоёр талтай, өнөөдөр дөнгөж үржүүлж, нутагшуулж эхэлж байгаа энэ ажил яваандаа сийрэгжүүлэх маягаар ан хийх зорилтот бүс болохыг хэн байг гэхэв...