COVID-19: Хятадад 166 халдвар бүртгэгдэж, Тяньжинь голомт боллоо

БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 11-ний мягмар гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 166 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүнээс Хэнань мужид 118, Тяньжиньд 33, Шэньси мужид 8, Гуандунд 7 халдвар илэрчээ. Тяньжинд шинэ голомт гарсан, омикрон илэрсэнтэй холбогдуулан, Засгийн газраас тус хотын бүх иргэдийг шинжилгээнд хамруулж байна. Нийт 11 912 280 шинжилгээ авснаас 7 892 591 шинжилгээний хариу гарч, 77 хүн эерэг гарчээ.

Мөн өдөр гадаадаас ирсэн 55 хүний хариу эерэг гарлаа. Нас баралт бүртгэгдээгүй.

Эх газрын Хятадад ковидоор нийт 104 189 хүн өвчилж, 4636 хүн нас барсан. Одоогийн байдлаар 3476 хүн эмчлүүлж байгаагийн 14  хүний биеийн байдал хүнд байгаа юм.